Уул ус нь жигдэрсэн, ургамал ногоо нь алагласан баян сайхан хангай Завхан нутгаа санав. Тунгалаг уст Идэрийн гол,Идэр нутгийн үзэсгэлэнт байгалийг дурсав. Хөрс шороо газарт нь хөгшин буурал эцэг минь шингэсэн, агаар нь ариун тунамал энэ дэлгэр тайван нутагт арван жилийн амьдрал минь, хүүхэд ахуй цаг минь өнгөрсөн билээ.
Үнэхээр сайхан байжээ.
Хөгшин аав ээжтэйгээ нутгийн дэнж хотойтол цалгисан цэнгэл наадамд яваад л... Мартахын аргагүй. Одоо энд Энэтхэгийн бүгчим агаарыг мэдэрч, амьсгалж явахдаа нутгаа санадаг юм. Халуун орны өндөр ургасан модод, зүйл зүйлийн цэцэгс сэтгэл татах боловч нутгийг минь, Монголыг минь яаж гүйцэхэв дээ.
Хоёр жилийн дараа нутагтаа, Монголдоо очоод юуны түрүүнд Завхан тэр тусмаа Идэр явнаа. Идэр бол яахын аргагүй надад, насан туршид минь хамаарах нутаг билээ. Гайхамшигт сайхан үлгэр туульс хайлдаг Адиа маань тэнд байлаа, амьдралын минь түлхүүр ухааныг атгуулж өгсөн буянт буурал эцэг минь тэнд амьдарч байлаа. Сэтгэл зүрхийг минь хөглөж, дурсамж хууч өгүүлдэг буурал өтгөс тэнд байсан. Жилээс жилд цөөрч,очих бүрийд тоо нь дутаж байдаг, сэтгэлд гуниг үлдээн оддог тэр түүхийн шаргал хуудсуудад би хайртай байсан юм.
Ээж аавыгаа санана. Санах бүрийд өсөж төрсөн нутаг минь үзэгдэнэ. Сэтгэлд минь зурайх өндөр өндөр уулс, Загастай, Солонготын даваа, Тун Жаргалантын өвөр, Номт Тахилт, Ботойн уулс, Бөхөн шар, Сэнжитцохио, Нэрст хавтгай... дэндүү гэмээр бодолд ойр, тэгтлээ бас сүрдэм санагдаж, хэлж барамгүй тийм лүгээ эрч хүч, тамир тэнхээг өгнө.
Идэрт зуны бороо дааруулдагсан. Өглөө уулын хяр бэлээр явахад, өвсний толгойд тогтсон шүүдрийн мөнгөн дуслууд хол норгож, нарны туяа нэвт гэрэлтсэн газар дэлхийн өнгө нүд гялбуулдагсан.Энэ бүх дурсамж мэдрэмжээ өвөрлөөд нутагтаа би очноо. Ирэх ирээдүйн амьдрал юуг зөгнөх байлаа ч сэтгэлд уяатай нутагтаа жилдээ нэг очиж байхсан даа.
Б.Мөнхжавхлан 2004-08-19 Энэтхэг, Хайдерабад
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Ideriin nutagt ochilgui olon jil boljee. Bi er ni jil ...sar... udur irekh tusam hunii hun bolood baikh yum. nadad ger bul, nutag us ene ter gej er bodogdokhoo baij. Zugeer l neg bodroliin ertuntsud eldviig saraachij, zuraglaj suuh bolsnoos khoish ikh udjee.
Post a Comment